Saturday, 10 May 2014

Мэдээ

Баянзүрх дүүргийн 550 хүүхэд шинээр цэцэрлэгт явна
Баянзүрх дүүргийн дөрвөн хороонд баригдаж дуусаж байгаа цэцэрлэгт нийтдээ 550 хүүхэд шинээр явах болно. Нийслэлд хамгийн олон хүн амтайд тооцогддог эл дүүргийн 28 хорооны арав нь улсын цэцэрлэггүй. Харин 2014 онд зургаан цэцэрлэгтэй болгох гэж зорьсны дагуу одоогоор 4, 20, 21, 28 дугаар хорооны цэцэрлэгийн барилга баригдаад дуусаж байна.

Тус дүүргийн хөрөнгө оруулалт орон нутгийн өмчийг хариуцсан мэргэжилтэн Х.Сарантуяа:
Одоогийн байдлаар дөрвөн хороонд цэцэрлэгийн барилга баригдаад дуусаж байгаа ба цэцэрлэгийн хүүхдийн стандартад тохирсон тоглоом наадгай, тохижуулалт, тоног төхөөрөмжөөр хангаж, багш нараа бэлтгэж байна гэлээ.

Харьяа хорооны 2-5 насны хүүхдүүдийг хамруулах цэцэрлэгт хүүхдийн төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, шинжилгээний бичгийн хамт бүртгүүлэх ажээ. Бүртгэлийг 8 дугаар сарын 25-наас цэцэрлэг дээрээ хийх аж.

20 дугаар хорооны иргэн Х.Ариун:
-Манай хороонд цэцэрлэг байдаггүй. Би хоёр хүүхэдтэй, алийг нь ч цэцэрлэгт өгч чадаагүй. Хэрвээ ирэх 9 дүгээр сард манай хороонд тэр цэцэрлэг нь ашиглалтад орвол одооноос бүртгүүлж эхэлнэ гэж хэлэв.
          
Энэ мэтчилэн Баянзүрх дүүргийн хороо бүрт дунджаар таван цэцэрлэг үйл ажиллагаа явуулбал 2-5 насны бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм байна. Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Энхтуяа “Ойрын хэдэн жилд эхний ээлжинд 10 хороондоо цэцэрлэг барих ажил төлөвлөж байна” гэсэн юм. Одоогийн байдлаар энэ дүүрэгт цэцэрлэгийн насны хорь гаруй мянган хүүхэд амьдарч байна.
Б.Энхзул

Сурвалжлага

Шинэ эмнэлэг барьснаар эмнэлгийн ачаалал багасна
Лавлахын цонхноос хаалга хүртэлх таван метр зайд гучаад хүн дараалан зогсчээ. Ажлын цаг эхлэхээс өмнө яаравчлан ирсэн тэдгээр хүмүүс эмчид үзүүлэх цаг авах гэж зогсоо нь энэ. Хоёр бүртгэгчийн нэг эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх ойрын хоёр хоногийн цаг дууссан тул ирэх долоо хоногт ир гэж мэдэгдээд “Хурдал хурдал, ямар удаан юм” гэж  уцаарлангуй хэлэхэд үйлчлүүлэгч эмэгтэй “Танайх улсын байгууллага байж хүнтэй ч олигтойхон харьцаж чадахгүй юм аа” гэх сонсогдоно.
Өглөөний 9 цаг 30 минут болж байхад гадаах хорин машины зогсоол нь ч аль хэдийнэ дүүрчихсэн байсан юм. Дараалалд зогссон дээрх гучаад хүний тэн хагас нь л 10 цаг 30 минут гэхэд дугаар авч чадсан байв. Угаасаа өглөөний есөн цагаас дугаарлаж эхэлсэн хүмүүсийн эхний зуу нь л эмчид үзүүлэх цаг авч,  үлдсэн нь дараагийн өдрүүдийг хүлээдэг байна. Баянзүрх дүүргийн эмнэлэг өдөр бүр ийм дүр төрхтэй.
Тус дүүрэгт 300 гаруй мянган иргэд амьдардаг бөгөөд Зөвлөх поликлиник болон хоёр амбулаториар өдөртөө 400 гаруй хүнд өглөө есөн цагаас үдийн 15 цаг 30 минут хүртэл үйлчилдэг ч  хүсэлтэй, шаардлагатай болгоныг нь цаг тухайд нь хүлээн авч чаддаггүй ажээ.            
Эмнэлэгт ирэгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхэд, шүд, чих хамар хоолой, дотор, рентгэний тасгийг зорьж ирэх тул тэдгээр нь хамгийн их ачаалалтай ажилладаг.
10 дугаар хорооны иргэн Э.Энхжаргал:
-Дугаар авах гэж их зогслоо. Би дотрын эмчид үзүүлэх гэж ирсэн. Миний ходоод хэсгээр хоёр хоног хөндүүрлэж байна. Намайг 11 цагийн үед ирэхэд дараалал нь дууссан байна. Хоёр хоногийн дараа үзүүлэх цаг авлаа. Эмнэлгийн ачаалал их байгаа нь үйлчлүүлэгчдэд их чирэгдэл учруулж байна гэв.
Амбулториор нийт үйлчлүүлэгсэд 2014 оны эхний улирлын үзүүлэлтээр 190 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн улирлынхаас 19 мянгаар нэмэгдсэн тоо ажээ.
Хүүхдийн их эмч С.Эрдэнэчимэг:
-Улирлын шинжээс хамаараад хүүхдийн өвчлөлийн ачаалал болоод үзлэг шалтгаалдаг. Өнөөдөр ачаалал их байгаа боловч өвлийн улирлыг бодвол харьцангуй гайгүй. Үдийн үед гучин  хүүхэд үзээд байна гэлээ.
Энэ онд Баянзүрх дүүрэгт Японы Засгийн газрын тусламжийн байгууллага ЖАЙКА-ийн  25 сая ам.долларын санхүүжилтээр ЭМШУИС-ийн жишиг эмнэлэг барихаар болсон ба шинэ эмнэлэгт төрөх, мэс засал, дотор, хүүхэд, мэдрэл, сэтгэц, халдварт, гэмтэл зэрэг үндсэн үйлчилгээнээс гадна бөөр, чихрийн шижин гэх мэт нарийн мэргэжлийн тасгуудад үйлчилгээ үзүүлэх юм байна. 
Чанарын албаны лавлагаа мэдээллийн ажилтан Х.Байгаль:
-Ачаалал маш их байна. Иргэд нэг бүртэй ажиллахад бэрхшээлтэй. Бид ачаалалтай холбоотой ажлуудыг эхнээс нь цэгцлэхийн тулд олон төлөвлөгөөт ажлуудыг хийж байна. Өрхийн эмнэлгийн ажлыг өргөжүүлэх, ахмад настангууд болоод нялхас руу хандсан үйлчилгээг илүү хийхэд тэдгээрт туслалцаа үзүүлж, эмчийн цаг дугаарыг өрхийн эмнэлгээр тараах ажлууд хийгдэж байна. Сайн дурын ажилтнуудыг эмнэлэгтээ ажиллуулж хүмүүст эмнэлэг дотор үйлчлүүлэх соёл, дугаар авах, эмчид үзүүлэх, эмчийн өрөө зааж өгөхөөс эхлүүлээд олон тал дээр хамтран ажиллаж байна. Мөн шинэ эмнэлэг баригдах талаар эмнэлгийн удирдах ажилтнуудтай хурлаар ярилцсан. Тус эмнэлэг нь үйлчлүүлэгчдийн ачааллыг одоогийн байдлаар хорин хувиар багасгах төлөвлөгөөтэй байна гэсэн юм.
Тэд одоогийн байдлаар нийт хороогоо эмнэлгүүддээ тэнцүү хувааж үйлчлүүлэгчээ хүлээн авдаг. Харин шинэ эмнэлэг баригдсанаар дахин төлөвлөлт хийж нийт хороондоо хуваахад л  одоогийн байгаа ачааллыг хорин хувиар буулгаж чадна гэж тооцоолж байгаа юм байна.
                                                                                                                                                  Б.Энхзул